Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ Видео №4 “Юнисервис Солюшн” ХХК
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль эрх зүйн тогтолцоо амжилттай хэрэгжиж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлснээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон байгууллагад ямар өөрчлөлт, үр нөлөө гарах вэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг улам нэмэгдүүлэхийн тулд ямар зохицуулалт шаардлагатай вэ?
ХНХЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка) -ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, хамт олны төлөөллөөс ярилцлага авч, цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа бөгөөд тэдгээрийн дотроос хэд хэдэн жишээг сонгон авч, видео контент хэлбэрээр мөн танилцуулж байгаа билээ.
Бид 4 дэх видеогоороо НҮБ-ын оффис, Элчин сайдын яамд, томоохон банк, худалдаа үйлчилгээний төв, шинэ нисэх онгоцны буудал зэргийн цэвэрлэгээг гэрээлэн гүйцэтгэдэг “Юнисервис Солюшн” ХХК-ийн үйлчилгээний ажилтан Б.Золбаяр /саажилт, хэл ярианы бэрхшээлтэй/-ыг танилцуулж байна. “Ажилдаа маш дуртай”, “Энд ажилласнаас хойш хамт олонтой болсон, гэр бүлтэй болсон” гэж сэтгэл дүүрэн ярих Б.Золбаяр болон түүний ажилч хөдөлмөрч байдлыг өндөр үнэлдэг түүний хамт олны тухай видеог заавал үзэж сонирхоорой.